Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Та ялихгүй зүйлд уурлан сэтгэлээр унаад байгаа бол...?
“Сайн байна уу Би ойрд их ууртай болоод байгаа яг яаж байгаа юм бол их амархан гомддог би яг яах вэ? Уг нь надад болохгүй юм байхгүй л байгаа юм шиг байхын бодоод байхад, гэтэл ойрноос надад санаа алдах үе их гарах боллоо тэнэгтээд л өөрийн эрхгүй уурлана. Би ер нь сайн хүн үү муу хүн үү? Хааяа өөртөө гомддог бүр өөрийгөө голдог болсон гээч. Нэг сайхан дуу сонсох юмуу гоё үеээ бодохоор уйлах гээд байдаг болсон заримдаа бүр уйлдаг хэнд ч энэ бүхнээ ярьж чадахгүй байдаг ярилаа гээд юу гэхэв хэн ч ойлгохгүй биздээ өөрийн эрхгүй нэг зүйлээс айгаад л яг юу гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна. Надад зөвлөөч.” 
Уур гэдэг шалтгаангүй төрдөггүй, та уурлаж байна гэдэг таньд уурлан бухимдах ямар нэгэн зүйл заавал байгаа хэрэг юм. Юунд уурлаад байгаагаа ойлгохгүй байгаа бол дараах шалтгаануудыг бодоод үзээрэй
1.    Магадгүй та өөртөө уурлаж байгаа байж болох юм. Хүн буруу хэрэг хийсэн хэрнээ түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй араншинтай. Түүнийгээ хүлээн зөвшөөрч илт буруутгана гэдэг үнэхээр хэцүү, ялангуяа бусдын өмнө уучлал гуйна гэдэг бүр хэцүү байх үе заримдаа бидэнд тохиолддог. Энэ тохиолдолд хүн сэтгэлийн гүнд өөрийгөө буруутган шаналан байх боловч түүнийгээ илэрхийлж чаддаггүй юм. Ямар ч байсан та өөртөө “уучлаарай, чамайгаа уучилж байна” гэж хэлээрэй. Ямар ч тохиолдолд “би өөрийгөө уучилж чадна, би хамгаас эрхэм нандин шүү дээ” гэж хэлээрэй. Хэрвээ өөрийгөө уучилж чадвал юунд  өөрийгөө буруутгаад байгаа нь тодорхой болно. Учрыг нь олоход амар болох юм, өөрийгөө ойлгоход дөхөм болох юм.
2.    Хэн нэгэнд, уурлах эрхгүй хэн нэгэнд гомдож уурласан байж болох юм. Сайн найз болохоор, танаас эрх мэдэл илүү болохоор, та хайртай гомдоох дургүй болохоор, та ёс журамтай, эвийг хичээдэг нэгэн болохоор, уурлах нь утгагүй өөрийг чинь эвгүй байдалд оруулах болохоор гээд л олон шалтгааны улмаас бид хэн нэгэнд уурлаж гомдож буйгаа дотроо хадгалах болдог. Сайн бодоод үз. Эдгээр шалтгааны аль нь таньд тохирч байна. Хэн нэгэнд орхигдох гээд байна уу, шударга бус байдалд ороод хохирох гээд байна уу, уурлаж болохгүй гэж бодоод байна уу эргэцүүлэн бодоорой. Хэн нэгэнд гомдоод уурлаад байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу? Энэ бүхэн бидний шалтгаангүй уур бухимдлын нэгэн эх сурвалж болдог.
3.    Ирээдүйдээ хэр их санаа зовж байна вэ? Санаа зовох ямар нэгэн зүйл таньд байгаа юм биш биз. Ирээдүйн ажлаа бид заримдаа амжилтгүйгээр төсөөлөөд байдаг. Энэ нь биднийг ямар нэг зүйлээс шалтгаангүй, айж сэтгэл түгшихэд хүргэдэг бөгөөд бухимдлын далд шалтгаан болдог. Та өөртөө итгэж, юу хүсэж байгаагаа тодорхой болгоод ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаарай.
4.    Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Хэлэх шалтгаан байхгүй боловч заримдаа бидний амьдрал өөрт таалагддаггүй. Юунд ч юм үргэлж сэтгэл дундуур байхад хүрдэг. Энэ нь нэг талаар бидний шуналын сэтгэлтэй, өөрийн юмандаа баярлаж чаддаггүйтэй холбоотой боловч нөгөө талаар бид  өөрийгөө зохих ёсоор үнэлж хүндэлж чаддаггүйтэй холбоотой.  Өөрийгөө голж, өөртөө таалагдахаа больдог. Энэ сэтгэлгээ хүмүст улам л лавширч цаашилсаар байдаг. Ямар нэгэн сэтгэл гэрэлтүүлсэн үйл явдал болох хүртэл хувь тавилан биднийг сорих хүртэл, бид өөрсдийгөө голох, шүүмжлэх сэтгэлгээнээс салж чаддаггүй. Үүнийг өөрөө анзаарч өөртөө анхаарч давах нь чухал, таны сэтгэл санааг танаас өөр хэн ч удирдахгүй гэдгийг өөртөө үргэлж сануулаарай.
Таньд илэрхийлж чадаагүй бухимдал гомдол хадгалагдах тусам та түүнийг тайлахгүй удах тусам таныг улам бухимдуулж, дотроос чинь идэх мэт болдог. Тиймээс та уур бухимдлаа юунаас болсныг нь олж мэдвэл ихээхэн тайвшрах ба түүнийгээ өөрийн хэмжээнд тайлж чадвал бүр их тайвшрах болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats